ТАНИЛЦУУЛГА

СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ТОВЧ ТҮҮХ

Сүхбаатар аймгийн  Эрүүл  мэндийн  байгууллага нь  манай  улсын  эрүүлийг  хамгаалахын  салшгүй  хэсэг  бөгөөд  хөдөлмөрчдийн эрүүл мэндийг хамгаалах нийгэм болон орчин ахуйн хүчин  зүйлүүдийг судлах  талаар бие даасан орон нутгийн  салбар  хөгжиж  байна. Анх 1942 онд  Хэнтий  Дорнод  аймгийн зарим сумдыг  нэгтгэн  Жавхлант  шарга  нэртэйгээр Сүхбаатар аймгийг байгуулахад ,одоогоор  Баруу-Урт  сумаас  15  километрийн  зайтай  орших   Мандалын   хийд   хэмээх  газарт  нутаг  дэвсгэрийн  харъяалал  тогтоогдсоноор  тус   эмнэлэг  нь  3  орон  тоотойгоор  ажиллаж,  эмнэлгийн үйл  ажиллагаагаа  эхлэх   суурь  тавигдсан  юм.  Энэ  үед   тус  эмнэлэгт  Зөвлөлтийн  эмч  Конович  нэлээд  сар  ажиллаад  буцсан  бөгөөд  дараа  нь  Архангай аймгаас  Сайтон  гэгч  орос  эмч  шилжин  ирж  ажилласан  ба  анхны  сувилагчаар  Ж.Дамба, асрагчаар  Т.Загд  нар  ажиллаж  байжээ.

            Тэрээр  гэрт  байрлаж  байсан  эмнэлгийг  хуучин  Мандалын хийдийн 2”р дуганыг засварлуулан 20 ортой больниц, амбулатори болгон  1942 оны  12-р сарын 25-нд  нээн  ажиллуулсан  байна. Больницыг  20 ортой  болгож өргөтгөсөн тэр үед  бага эмч, сувилагч, асрагч, орчуулагч, жолооч  зэрэг 6 орон  тоотой  болжээ.  1944  онд  орос  эмч Сайтоныг  буцсаны  дараа Свестянов гэдэг орос эмч ирсэн  байна. 1952-1961 онуудад  Тина Павловна, Деканозишвали ,Антонина Михайловна Сущкова,Рашид Сапович, Алеев Дмитри , Зиновьевич Майман зэрэг олон  мэргэжилтнүүд  манай  хүн ардын  эрүүл мэндийн төлөө хүчин  зүтгэж , шинжлэх  ухааны  эмнэлгийн  үндсийг  тавилцсан юм.

            Шинээр  бүрэлдэн  тогтсон  Шинжлэх  ухааны  эмнэлгийн нэр  хүндийг бэхжүүлэн  хөгжүүлэхэд монгол их эмч С.Гомбожав, Ө.Готов, Д.Балдандорж Ү.Батмөнх, С.Дүгэржав нар их үүрэг гүйцэтгэсэн ба  манай  анхны  бага  эмч  сувилагчдаас  Эрүүлийг хамгаалах байгууллагатай  50 шахам жил амьдралаа холбосон  аймгийн  эмнэлгийн  хэлтсийн  анхны дарга Мандалжавын Содов юм.

            1944  онд  анхны  үндэсний их эмчээр  Самбуугийн  Гомбожав ирж эмнэлгийн хэлтсийн дарга, ерөнхий эмчээр  ажилласан  байна.

            1949 оноос  Д.Балдандорж, Ч.Батмөнх, Н.Даш, С.Дүгэржав, Загдаа, А.Өлзийхутаг  нар  ажиллах  болж үндэсний мэргэжилтнээр  хангагдаж  эхэлжээ.

            1952 оноос  хүүхэд,  дотор, мэс  заслын  чиглэлээр  нарийн  мэргэжлийн тусламж  үзүүлдэг  болсон ба 1966 онд 15 ортой хүүхдийн  больництой  боллоо.

            Үе үеийн ерөнхий  эмчээр: Ч.Гомбосүрэн, Л.Баатар, Ц.Жамсранжав, Ц.Сүхбаатар, Б.Сүхбаатар, Я.Гармаа, Д.Бор, М.Энхтуяа, С.Жанчив, Д.Мөнхзул нарын  өндөр  ур чадвартай  эмч  нар    ажилласан.