Бага насны хүүхдүүдийн дунд тархаад байгаа томуу, томуу төст өвчин маш богино хугацаанд хүндэрч амьсгалын доод зам, уушгины цулцанг үрэвсүүлж уушгины хатгалгаа болж хүндэрч байна.
Энэ халдварын үед хүүхдэд ДАРААХ ШИНЖҮҮД илэрч байна. Үүнд:
-Халуурах
-Хоолой сөөх, сөөнгөтөх, шөнийн цагаар амьсгал авч чадахгүй бачуурах, хяхатнах
-Хоолой хөндүүрлэж өвдөх
-Ханиалгах, богино хугацаанд цэртэй болж бөгшүүлэх
-Шингэн нус гоожиж хамар битүүрэх
-Цээж хэржигнэх, шуугих
-Хүндэрсэн үед амьсгаадах, зогсолтгүй бөгшүүлж ханиалгах
ЗӨВЛӨМЖ:
Өвчин хүндрэх тусам эмчлэхэд, илааршихад илүү их хугацаа зарцуулна.
Д АМИНДЭМИЙН ДУТАГДАЛ, ТӨМӨР ДУТЛЫН ЦУС БАГАДАЛТТАЙ хүүхдүүд илүү өвчлөмтгий байдаг. Ийм хүүхдүүд ханиад томуунаас салахгүй сар бүр өвдөнө, өвдөхдөө хүнд өвдөнө. Д аминдэмийн дутагдлыг нөхөхгүй, цус багадалтыг эмчлэхгүй тохиолдолд ханиад томуу, халдварт өвчнөөс салахгүй гэдгийг анхаараарай!!!
Мөн ацетоаминофен буюу парацетамол нь олон нэрээр худалдаалагддаг. Панадол, параденк, тайленол, минигрипп бүгд нэг эм шүү!
ХАЛУУРАХ нь хүүхдийн дархлааны эсүүд вирус, нянгийн эсрэг тэмцэж ажлаа хийж байна гэсэн үг.
3 сар хүртэлх насны хүүхэд 38.0 хэм ба түүнээс дээш халуурсан үед, 3 сараас дээш насны хүүхэд 38.5 хэм ба түүнээс дээш халуурсан үед халуун бууруулах өвчин намдаах зорилгоор ацетоаминофен буюу ПАРАЦЕТАМОЛ-ыг хүүхдийн биеийн жинд тохирох тунгаар хэрэглэх ёстой.
Таны хүүхдийн биеийн халуун цельсийн 38.0-38.5 ба түүнээс дээш болоогүй тохиолдолд халуун бууруулах өвчин намдаах эм бүү хэрэглээрэй! Ээж аав нар маань хүүхдийн халуун 37.5 хэм хүрэв үү үгүй юу эм хэрэглэж харагддаг. Энэ маш буруу шүү!!! Та халууныг нь эмээр буулгаж дархлааны урвалыг зогсоогоод л байвал таны хүүхэд илүү олон хоног өвдөнө гэсэн үг!!!
Танай гэр бүлд эрүүл энхийг хүсье!
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Албан ёсны вэб сайт